СЕНЕКАГИЙН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ ХӨТЛӨХ ЗААВАР


Ц.Майдар 2022.07.04

Мэдээллийг сүүтэй зүйрлүүштэй. Өдөрт 1 л авдаг бол ямар ч асуудалгүй - цайгаа сүлж уугаад л дуусгачихна. Харин нэмэгдэх тусам яах билээ гэсэн асуудал гарч ирнэ. Багахан мэдээлэл орж ирж байхад проблем үүсэхгүй, ихсэх тусам түүний нөлөө нь мэдрэгдэх болно. Сүүгээр ааруул хураад ээзгий, тараг хайлмаг хийгээд хадгалаад байх юм бол, ок. Хэрэв хийхгүй бол нөөцлөх сав хэрэгтэй, тэр нь олдохгүй, тэгсгээд л дороо дүүрчихнэ, бас гашилж мэднэ. Мэдээлэл ч мөн адил бүтээгдэхүүн болгож хажуу тийш тавих, толгойноос гаргахгүй бол гашилах хэлбэрт орно. Хүмүүс бичихгүй байгаа нь ааруул хийхээс залхуурч байгаатай адил. Бичнэ гэдэг бас л нэг төрлийн хөдөлмөр, анхаарал төвлөрч цаг зарцуулна.

Ингээд, Сенека ямар учир тэмдэглэл хөтлөх хоббитой болсоныг эргэцүүлэн үзъе

  1. Хэдийгээр уураг тархины багтаамж агуу их ч тэрээр угтаа зоорь сав биш, мөн түүнд хязгаар гэж бий, бүх зүйлийг хадгалах боломжгүй билээ.
  2. Цугларах мэдээллийг зөөврийн хатуу диск, флэш-д хийдэг шиг бодлоо цаасан дээр буулгаад байвал тархинд ачаалал үүсэхгүй, моторын ажиллагаа нь хэрээс хэтрэхгүй.
  3. Нэгэнт аль нэгэн зүйлийн тухай мэдээллийг хадгалах шаардлагагүй болвол орон зай чөлөөлөгдөөд дараагийн өөр шинэ бодол орж ирнэ.
  4. Санаж бодсоноо үзэг харандаа бариад цаасан дээр буулгаж компьютер руу бичиж байх зуур тухайн сэдэвт нэмэлт хасалт ороод баяжаад явна. Ингэснээр, бүтээлч сэтгэлгээ хөгжих боломжтой.
  5. Цаасан дээр буусан бодол нь дүрс хэлбэрийг олж авч байгаа учир нэлээдгүй цэгцрээд логик дэс дараалалд хөврөөд хүснэгт ба схем диаграмм маягаар харагдах болно.
  6. Бичигдсэн зүйлийг дахин давтан уншаад бусад хүний бодолтой харьцуулж болох юм.
  7. Цаасан дээр бууж компьютерт хадгалагдсанаар тухайн бодол нь найдвартай хэлбэрээр архивлагдаж буйтай адил. Түүнийг нэг хэсэгтээ ор тас мартаж орхих сайхан боломж үүснэ. Өөр сэдвээр ондоо ажил хэдэн жилээр ч хамаагүй хөөцөлдөж явахдаа заавал эргэн санаж байх шаардлагагүй.
  8. “Мартсан хэрнээ санаж явдаг” нь хувийн архивтай бичгийн хүний давуу тал гэлтэй. Өдгөө компьютер, гар утсанд бичиж тэмдэглээд хадгалж үлдээх бусад олон хувилбар бас гарч ирж байна.
  9. Тархины өөр нэгэн функци нь - мартах. Учир нь, байгаль ба нийгэм, хувь хүний харилцаанаас минут секунд тутамд хэдэн мега, гега хэмжээний өнгөтэй, дуутай, мөн 3D дүрстэй мэдээлэл орж ирээд тархины хард дискийг дүүргэх гээд байдаг. Иймд, ямар ч мэдээлэл бүр эхнээсээ л автоматаар арчигдаад явчихна. Харин тэмдэглэл хөтлөөд эргэж үзэхэд хэзээ ч нээсэн сэргэг хэвээр байна.
  10. Сурна гэдэг нь угтаа урт удаан хугацаанд үргэжлэх процесс. 5 жилд хэдэн ном унших вэ? Барууны сургалтын систем нь - багш зөвхөн тайлбарлах үүрэгтэй. Харин оюутан хэлж зааж өгсөн номыг нь өөрөө олж аваад уншина. Хамгийн багадаа л 1 номыг долоо хоног бүр унших хэрэгтэй. Тэгвэл жилд 50, таван жилд 250 болно. Эдгээрийг эссе хэлбэрээр тэмдэглэл хөтлөхгүй л бол ор тас мартаад агуулгыг нь барагтай л бол эргэж санахгүй. 250 гаруй эссе, тезис бичсэн хүний мэдлэгийн цар хүрээ, чемодан саванд буй үнэт ачаа төдий чинээ их - хэзээ ч уудлан гаргаад эргэн санах арвин баялаг зүйлтэй.
  11. Хөгжил гэдэг нь спираль хэлбэрийн оргилсон эргэлт учир дээш тэмүүлэн сарьдагийн шовх өндөрлөгт гарсан хойноо доошилж буугаад мартсан орхисоноо хайж хамж аваад буцаад сэргэсэн сэтгэлээр шуурга мэт өөд дүүлнэ. Харин буугаад ирэхэд нь үзэж харах бичиг цаас тэмдэглэл нь цөөнгүй хэмжээнд цэгцтэй байдлаар бэлхэнээ байж байх нь зүйтэй буюу.

Эцэст нь, Сенекагийн ямар учир өдрийн тэмдэглэл хөтлөх дуртай байсныг эргэн саная. Тэрний хэлсэнээр, “бүхэл өдрийн турш хийсэн зүйлээ эргэн харж ... бичсэний дараа нойр онцгой амттай болохыг олж мэдээд орондоо ордог” хэмээсэн нь нэн чухал ажиглалт юм. Нэгэнт цаасан дээр буулгаад авчихсан юм чинь цаашид бодох ямар ч шаардлагагүй гэдгийг дотоод ухамсар ойлгоод, бие сэтгэл бүрэн тайвширч элдэв ачаалал ба стресс ч арилж тухтай сайхан амарч чадна гэснийг өгүүлжээ.

М.Дөлгөөн нь www.baghatur.com сайтыг эрхлэн хөтлөж байгаа бөгөөд энэхүү сайт нь стоицизмын ойлголтыг орчин үед хэрхэн өдөр тутмын амьдралдаа ашиглах, мөн стоик философийн нэр томъёог ойлгомжтой хэлбэрээр тайлбарлан ойлгуулах зорилготой. Хүмүүс аливаа зүйлийг нас харгалзахгүй сайн дураар сурч, амьдралдаа хүссэн өөрчлөлтөө хийх боломжтой гэдэгт би итгэдэг учраас эртний философийн талаар мэдлэг, мэдээлэл түгээхэд хувь нэмрээ оруулж байгаа болно.