Стоик зарчмыг хувийн санхүүгээ барихад ашиглах нь


Эртний Грек, Ромын гаралтай стоик зарчмууд нь хувь хүний эдийн засгийн шийдвэрээ сайжруулахад нэмэр болох боломжтой юм. Эртний стоицизмын философи зах зээлийн одоогийн нөхцөлд шууд тохирохгүй байх талтай ч, эдийн засгийн суурь шийдвэрүүд гаргахад барууны орны санхүүчид ашигласаар байна. Стоицизмд болж буй үйл явдал болон бидний түүнд өгөх сэтгэл хөдлөл хооронд зааг байдаг гэж үздэг бөгөөд энэ зааг дээр мэргэн ухаан гарган зөв шийдвэр гаргадаг. Эдийн засгийн шийдвэр гаргахад бидний дүгнэлт, сэтгэл хөдлөлд биднээс хамааралгүй олон гаднын зах зээлийн хүчин зүйлс нөлөөлдөг. Зах зээлийг хэн ч таах боломжгүй мөн хянаж чадахгүй. Бидний хянаж чадах зүйл бол бидний хариу үйлдэл юм. Иймээс стоикчууд бүх анхаарлаа хянаж чадах зүйлдээ чиглүүлдэг.

Дихотоми гэдэг нь ямарваа зүйлийг 2 хуваах гэсэн эртний Грекийн ойлголт бөгөөд стоицизмын гол сургаалуудын нэгт ашигладаг. Өрнөж буй үйл явдлууд бидний мэдэлд, зарим нь бидний хяналтаас гадуур байдаг. Үүнийг удирдлага, хяналтын хоёр талт байдал гэж нэрлэдэг. Бидний удирдаж чадах зүйлс болон удирдаж чадахгүй байгаа зүйлсийн хооронд ялгах нь бидэнд цаг хугацаа, эрч хүчээ хэмнэх, анхаарлаа бодитоор удирдаж чадах зүйлд төвлөрүүлэхэд тусалдаг. Энэ хоёр талт байдлын талаар бодох тусам бидний ихэнх санаа зовдог зүйлс бидний хяналтаас гадуур байдаг нь илүү тодорхой болно. Дихотомын ангилал хийснээр мэргэн ухаан ашиглах боломж нээгдэх бөгөөд стоицизмд мэргэн ухааныг тайлбарлахдаа ямар ч нөхцөлд буюу эдийн засгийн таатай орчны үед ч сэтгэл хөдлөлөө хянах хэрэгтэйг дурддаг. Нөхцөл байдалд тэнцвэртэй хандах нь оновчтой шийдвэр гаргах боломжийг олгодог.

Стоицизмд үндэслэсэн гурван эдийн засгийн зөвлөмж:

  • Эргэн тойрон дахь орчноо харж, ухаарах;
  • Нөхцөл байдалд тохирсон үр дүнтэй арга хэмжээ авах;
  • Өөрчлөх боломжгүй зүйлийг ангилах.

Хувийн санхүүгээ барих стоицизмын дөрвөн үндсэн практик аргачлал:

  • Хамгийн чухал зүйлдээ анхаарлаа хандуулах - тухайн зүйл нь өөрийн хяналтад байх.
  • Ирээдүйд илүү ашигтай бол одоогийн хэрэглээгээ хасах - хэдийгээр бид ирээдүйг хянах боломжгүй ч төлөвлөгөө гарган хуримтлал үүсгэхэд анхаарах.
  • Сэтгэл хөдлөлөө хянах - энэ бол стоицизмын хэрэгжүүлэхэд хамгийн хэцүү зөвлөгөө юм. Стоицизмд сэтгэл хөдлөлийг удирдан ухаалаг, урт хугацааны хөрөнгө оруулалт хийхийг зөвлөдөг.
  • Өрнөж буй үйл явдлуудыг урт хугацааны хэтийн төлөв байдлаас ажиглах - ингэснээр богино хугацааны яарсан шийдвэр гаргахаас сэргийлнэ.

Амьдралд төрөл бүрийн санхүүгийн асуудал тулгарах нь элбэг болов ч тэдгээр санхүүгийн асуудлуудыг шийдвэрлэхэд стоицизмын зөвлөмжүүд нэмэр болох боломжтой юм.

М.Дөлгөөн нь www.baghatur.com сайтыг эрхлэн хөтлөж байгаа бөгөөд энэхүү сайт нь стоицизмын ойлголтыг орчин үед хэрхэн өдөр тутмын амьдралдаа ашиглах, мөн стоик философийн нэр томъёог ойлгомжтой хэлбэрээр тайлбарлан ойлгуулах зорилготой. Хүмүүс аливаа зүйлийг нас харгалзахгүй сайн дураар сурч, амьдралдаа хүссэн өөрчлөлтөө хийх боломжтой гэдэгт би итгэдэг учраас эртний философийн талаар мэдлэг, мэдээлэл түгээхэд хувь нэмрээ оруулж байгаа болно.