Стоик зоригийг суралцах нь


“Хүн өөрийгөө ялснаар дэлхийг байлдан дагуулна” — Ситиумын Зено

Амьдралын туршид хүн бүрд цөхрөл, ялагдлын мэдрэмж төрдөг. Стоикчууд энэ мэдрэмжийг даван туулахын тулд оюун ухаан, логикийг хэрхэн ашиглах талаар олон тооны бүтээл туурвин бүтээжээ. Тэрхүү бүтээлүүдийн зорилго нь ялагдлын мэдрэмжийг сөрөн босох, зориг оруулах боломжийг таны оюун ухаанд цогцлон бүрэлдүүлэх явдал юм.

Маркус Аурелиусын зааварчилснаар бол тухайн хүнээс хамааралгүй зүйлс буюу гадаад хүчин зүйлс нь проблем биш гэдгийг онцлон тэмдэглэсэн байдаг. Харин тухайн гадаад хүчин зүйлийг, өөрийн оюун ухаандаа хүлээн зөвшөөрөх нь үндсэн проблем юм. Гаднын хүчин зүйлс бидэнд нөлөөлж чадах цорын ганц арга бол гаднын нөлөөг хүлээн зөвшөөрөх явдал юм. Тиймээс хэрэв та ялагдсан гэж итгэж байгаа бол дотоод сэтгэлдээ ялагдлаа хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.

Гадаад хүчин зүйлсийн дарангуйлал

Стоикчуудын үзлээр бол бидний гадаад хүчин зүйлийг хэрхэн дүгнэж байгаа нь тухайн зүйл бидэнд хэрхэн нөлөөлөх боломжтойг шийдвэрлэх чадвартай. Гадаад хүчин зүйлийн талаарх бидний дотоод үнэлгээ, дүгнэлт нь яг тухайн бодит зүйлээсээ илүү бидэнд нөлөөлөх чадвартай байдаг.

Бидний оюун санааны байдалд нөлөөлж буй гаднын хүчин зүйлсийн нөлөө нь бусад хүмүүсийн бидний талаарх сэтгэгдэл, ойлголтоос хэр хэмжээгээр хамааралтай байгаагаар илэрнэ. Хэрэв бид бусдын итгэл үнэмшил, үзэл бодолд амархан автдаг бол бид тэдгээр хүмүүст өөрсдийн мэдрэмжийн эрх мэдлээ шилжүүлсэн гэсэн үг өөрөөр хэлбэл бид ямар мэдрэмж мэдрэхээ бусдаар шийдүүлнэ. Гэхдээ бид түүнд авталгүй татгалзаж, бусдын юу гэж бодож байгааг үл тоомсорлох зоригтой байвал бид мэдрэмжийн эрх мэдлээ алдахгүй. Эпиктетусын хэлснээр бол, “хүний өөрийн үзэл бодлоо сонгох эрх, чадварыг хэзээ ч булаан авч болохгүй” гэсэн байдаг. Нөхцөл байдал хэчнээн төвөгтэй, хүнд байсан ч бидэнд бодол санаа, үйлдлээ хянах сонголт бий. Шийдвэр хийх чадвар, зоригтой байхын тулд хүнд хэцүү үе тохиолдсон ч стоик зоригийн талаар ойлголттой байх хэрэгтэй. Хүмүүс ихэнхдээ хүнд бэрхшээлийг даван туулахын тулд тухайн нөхцөлд байдалд буулт хийдэг бөгөөд энэ нь тооцоололгүй буруу шийдвэр гаргахад хүргэдэг.

Үүний эсрэгээр, нөхцөл байдалдаа дүгнэлт хийж, өөрийн үзэл бодолдоо гаднын хүчин зүйлийн нөлөөлөл оруулахаас татгалзах боломжтой. Хүнд хэцүү байдал нь проблем биш, харин бидний түүнд бууж өгөх нь хамгийн том асуудал юм. Тиймээс бид өөрсдийгөө зовлон зүдгүүрт буулт хийхийг зөвшөөрөх ёсгүй. Үүний оронд ухаан бодлоо цэгцлэн, замбараагүй бодлоо хязгаарлаж, аливаа зүйл бидний хүссэнээр явахгүй байгааг, байгаагаар нь буулт хийлгүй хүлээж ав. Стоик хүн ямар ч нөхцөлд өөртөө итгэлтэй байдаг. Тэрээр өөрийн хийж чадах зүйлсээ, чадахгүй зүйлсээсээ ялгах чадвартай байх бөгөөд өмнөө тавьсан аливаа даваагаа даван туулахын тулд тэрхүү чадвараа ашигладаг. Ихэнхдээ бид “Айдас, Хүсэл тачаал, Бачимдал, Баясал” гэх мэт сэтгэл хөдлөлдөө автсан шийдвэр гаргадаг бөгөөд үүнээс сэргийлэхийн тулд стоикчууд сэтгэл хөдлөлийг ялгаж ангилахыг хичээдэг. Бид дээрх дурьдсан сэтгэл хөдлөлүүдэд автдаг хэдий ч алийг нь мэдрэхээ сонгох боломжтой. Энгийнээр хэлбэл, бид гадаад хүчин зүйлсийн хамаарлаа даван туулах бүртээ өөрсдийн дотоод тухайн зүйлд дүгнэлт өгөх чадвараа хөгжүүлж байдаг. Зарим хүмүүс стоикчуудыг мэдрэмжгүй, сэтгэл хөдлөлийг үл тоомсорлодог гэж бодож магадгүй харин үнэндээ тэд бодол санаа, мэдрэмжээ ангилан удирдах зоригтой байхад суралцагчид юм.

М.Дөлгөөн нь www.baghatur.com сайтыг эрхлэн хөтлөж байгаа бөгөөд энэхүү сайт нь стоицизмын ойлголтыг орчин үед хэрхэн өдөр тутмын амьдралдаа ашиглах, мөн стоик философийн нэр томъёог ойлгомжтой хэлбэрээр тайлбарлан ойлгуулах зорилготой. Хүмүүс аливаа зүйлийг нас харгалзахгүй сайн дураар сурч, амьдралдаа хүссэн өөрчлөлтөө хийх боломжтой гэдэгт би итгэдэг учраас эртний философийн талаар мэдлэг, мэдээлэл түгээхэд хувь нэмрээ оруулж байгаа болно.