ТАНИЛЦУУЛГА


Стоицизм гэж юу вэ?

“Бухимдал төрөх шалтгаан нь тухайн зүйлээс хамаарахаас илүүтэй тухайн зүйлийн талаархи хувь хүний дүгнэлтээс үүдэлтэй юм.” Эпиктетус Стоицизм нь эхлээд Ромд дэлгэрч цаашлаад Европын хөгжилд үлэмж их хувь нэмэр оруулсан эртний Грекээс үүсэлтэй философи. Ситиум хэмээх хот-улсаас гаралтай Зено нь МЭӨ 300 оны үед Грекийн Афин хотын төвд байрлах олон нийт цугларахад тухтай, нар салхинаас саравчлагдсан барилгын багана (Стоа) бараадаж зогсоод өөрийн гаргасан онолын урсгалыг тайлбарладаг байжээ. Үүнээс үүдэж Зеногийн философийн урсгалыг Стоа буюу багана гэж нэрийдсэн. Ромд стоик философийн үзэл санааг төрийн зүтгэлтэн, зохиолч Сенека, боол гаралтай боловч нэр хүндэд хүрсэн Эпиктетус, Ромын эзэн хаан Маркус Аврелиус гэх мэт алдартнууд дэлгэрэхэд нь хувь нэмэр оруулсан байдаг.

Үндсэн стоик философийн санаанууд

Бухимдал төрөх шалтгаан нь тухайн зүйлээс хамаарахаас илүү тухайн зүйлийн талаархи хувь хүний дүгнэлтээс үүдэлтэй юм гэж Эпиктетус хэлсэн. Бид аливаа зүйлийн талаар хэрхэн бодож байгаа нь хамгийн чухал. Бид ямар нэгэн хүнд зүйл тохиолдоход, хувийн дүгнэлт өгсөн учраас л бухимдаж, урам хугарах эсвэл уурладаг. Гэхдээ ямар нэгэн дүгнэлт хийхээс өмнө тэрхүү дүгнэлтээ зөв үү гэж дахин бодох хэрэгтэй. Айдас, уур хилэн, атаа жөтөө зэрэг сөрөг сэтгэл хөдлөлөөс зайлсхийх хэрэгтэй, учир нь эдгээр нь алдаатай дүгнэлтээс үүдсэн байх магадлалтай байдаг. Мөн эдгээр нь тааламжгүй, муу үйлдэл хийхэд хүргэж болно. Уур бол түр зуурын галзуурал бөгөөд ихэвчлэн хүчирхийлэл үүсгэх төлөвтэй тул ямар ч үнээр хамаагүй зайлсхийх хэрэгтэй гэж Сенека хэлсэн. Гадаад нөхцөл байдал, гадаад хүчин зүйлсийг сайн эсвэл муу гэж бодох нь эндүүрэл юм. Стойк философийн хүрээнд сайн үйл, зөв үйлдэлийг рационал (ухаалаг) сэтгэлгээ буюу ёс суртахуунтай зан чанар хэмээн тодорхойлно. Эдгээр нь сайн сайхан амьдрахад хамгийн чухал зүйлс юм. Ийм суурь үзэл дээр стоикч философийн сэтгэлгээ суурьлах бөгөөд ямар ч нөхцөл байдалд рационал сэтгэлгээ, ёс суртахуунтай байвал сайхан амьдрах боломжтой гэж үздэг. Зовлон зүдгүүрээс үл хамааран дотоод үзэл санаагаа тогтвортой байлгаж чадах нь чухал гэжээ. Тиймээс стойцизмийн үндсэн анхаарах асуудал нь сэтгэлгээ төлөвшүүлэхэд чиглэх ёстой. Энэ нь бид хувь хувьдаа гадаад хүчин зүйлд гаргах дотоод дүгнэлтэндээ анхаарлаа хандуулж, сөрөг сэтгэл хөдлөлөөс зайлсхийх хэрэгтэй гэсэн үг юм.

Энэ нь мөн шударга ёс, эр зориг, тэвчээр, мэргэн ухаан зэрэг эерэг зан чанарыг хөгжүүлэх гэсэн үг юм. Эдгээр хөгжүүлэх хэрэгтэй чанарууд нь хүнийг "сайн иргэн" болж нийгэмдээ үр бүтээлтэй ажиллах боломжийг олгоно. Стоикчуудын амьдралын зорилго бол байгаль, орчин тойрноо гүн гүнзгий ухаарч зохицон амьдрах явдал юм. Энэ нь стоик үзлийн хувьд итгэл үнэмшил, үнэт зүйлсээ ойлгож , өөрийгөө нийгмийн амьтаны хувьд хийгээд бидний оршин тогтнох суурь боломж олгож буй байгалийн хүрээнд өргөн утгаар ухамсарлан учир шалтагааны хэлхээ холбоог ойлгож зохицон амьдрах хэрэгтэй гэсэн санааг илэрхийлдэг. Стоик хүн логик сэтгэлгээтэй, ухаалаг байхын зэрэгцээ амин хувиа хичээдэггүй, нийгэмшсэн, экологийн мэдрэмжтэй байна. Тэд өөрсдийн шударга байдлыг материаллаг амжилтаас дутуугүй эрхэмлэн улмаар өөрт байгаа зүйлээ үнэлж, хэрэв бүх зүйл санаснаар болохгүй байвал урам хугарахгүйгээр чадах чинээгээрээ биеэ авч явдаг. Сүүлийн үед эртний стоик үзэл санааг барууны орны иргэд дахин сэргээж хэрхэн сайхан амьдрах талаар удирдамж болгон хэрэглэж байна.

Ёс суртахууны журам бол бидний аз жаргалтай, эрх чөлөөтэй амьдрах арга зам. Энэ нь хийсвэр, ойлгомжгүй, тодорхойгүй зүйл биш юм. Стоикууд ямарваа ухагдахууныг энгийн байдлаар тайлбарлахыг чухалчилдаг. Хэрэв стоицизмыг нэг өгүүлбэрээр тайлбарлавал: Стоикчууд эргэн тойронд болж буй гадны нөлөөтэй зүйлсэд анхаарал бага хандуулж, зөвхөн тэдгээр зүйлсэд өөрсдийн үзүүлэх хариу үйлдэл дээрээ анхаарлаа төвлөрүүлдэг бөгөөд зориг, тэвчээр, мэргэн ухаан, шударга ёс зэрэг ойлголтыг байнга санаж явдаг.

шударга ёс

зориг

тэвчээр

мэргэн ухаан

М.Дөлгөөн нь www.baghatur.com сайтыг эрхлэн хөтлөж байгаа бөгөөд энэхүү сайт нь стоицизмын ойлголтыг орчин үед хэрхэн өдөр тутмын амьдралдаа ашиглах, мөн стоик философийн нэр томъёог ойлгомжтой хэлбэрээр тайлбарлан ойлгуулах зорилготой. Хүмүүс аливаа зүйлийг нас харгалзахгүй сайн дураар сурч, амьдралдаа хүссэн өөрчлөлтөө хийх боломжтой гэдэгт би итгэдэг учраас эртний философийн талаар мэдлэг, мэдээлэл түгээхэд хувь нэмрээ оруулж байгаа болно.