Стоицизмд тэвчээрийг хэрхэн тодорхойлдог?
"Хэрэв та амар амгаланг эрэлхийлж байгаа бол бага зүйл хий. Эсвэл хамгийн чухал гэсэн зүйлээ зөв арга замаар хий. Ингэснээр давхар сэтгэл ханамж авна: бага зүйл хийнгээ илүү аз жаргалтай болно. Учир нь бидний хэлж, хийж байгаа зүйлсийн ихэнх нь чухал биш зүйлс байдаг. Хэрэв та энэ зарчмыг мөрдөж чадвал танд илүү их цаг хугацаа хэмнэх боломж гарч, мөн та илүү тайван байх болно. Энэ зүйл надад хэрэгтэй юу? гэж өөрөөсөө цаг тутамд асуу." - Маркус Аурелиус
Аристотель үүнийг "алтан дундаж" гэж нэрлэдэг бөгөөд энэ нь ямарваа зүйлийг хэтрүүлэхгүй, дутаахгүй, яг дундуур нь хийхийг хэлнэ. Ямар нэг зүйлийг хэтрүүлэх, мөн хэт хүсэх нь сэтгэл дундуур, сэтгэл ханамжгүй үлдэхтэй эцсийн дүнд дүйцнэ. Эдгээр нь өөрийгөө ялагдалд хүргэх импульс юм. Эпиктетусын хэлснээр: "Хүслээ жолоод, олон зүйлд сэтгэлээ бүү чилээ, тэгсэн нөхцөлд чи хүссэн зүйлээ авах болно." Мөн Сенека “Хүний эд баялгийн хязгаар юу вэ гэж та асууж байна уу? Нэгдүгээрт, амьдралд нэн чухал зүйлсээ тодорхойл, хоёрдугаарт, юутай байвал сэтгэл хангалуун байхаа тодорхойл" гэж хэлсэн байдаг. Стоицизмд, тэвчээр нь өөртөө юу нэн чухал вэ гэдгийг мэдсэнээр элбэг дэлбэг, хангалуун амьдралд хүрэх тухай мэдлэг юм. Стоикууд тэвчээрийг "өөрийгөө хянах" гэсэн утгаар бас ойлгодог. Өөрийгөө хянах нь зөвхөн материаллаг зүйлээс гадна өөрийгөө хянах, эв түнжин, сахилга баттай байх зэрэгт хамаарна. Тэвчээр нь хэт туйлшрал, хэт их аз жаргалын таашаал, түр зуурын сэтгэл хөдлөл, хэт их зовлон тохиох үеийн тогтворгүй сэтгэл хөдлөлөөс хамгаалдаг.
М.Дөлгөөн нь www.baghatur.com сайтыг эрхлэн хөтлөж байгаа бөгөөд энэхүү сайт нь стоицизмын ойлголтыг орчин үед хэрхэн өдөр тутмын амьдралдаа ашиглах, мөн стоик философийн нэр томъёог ойлгомжтой хэлбэрээр тайлбарлан ойлгуулах зорилготой. Хүмүүс аливаа зүйлийг нас харгалзахгүй сайн дураар сурч, амьдралдаа хүссэн өөрчлөлтөө хийх боломжтой гэдэгт би итгэдэг учраас эртний философийн талаар мэдлэг, мэдээлэл түгээхэд хувь нэмрээ оруулж байгаа болно.